2012-05-27
Ahmadin surgaali alt

Сайн эхнэр амьдралын аврал

Чөлөөт цаг  | 2010 / 06 / 29

Эр хүн монгол гэрийг тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр хүн барин тогтоож байдаг бүслүүр нь юм. Багана, бүслүүр хоёр бат бэх байж гэр бат бэх байна. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол анхны шуурганаар л гэр салхинд хийснэ. Монголчууд “Сайн морь замын хань, сайн эхнэр насны хань” гэж эрт дээр үеэс ярьж, сайн ханьтай болохыг юу юунаас илүү чухалчлан үздэг байв. Амьдралын ханиа зөв сонгоно гэдэг алтан дэлхийд хүн болж төрөхтэй дүйцэхүйц учирал ерөөл билээ.

Сайн эхнэр амьдралын аврал

Заяаны сайн ханиуд бие биедээ гэрэл гэгээ болон өрх гэртээ өнгө жавхаа цацаруулж, нүүр дүүрэн мишээж байдаг бол сайн эхнэр ханилж түшсэн ханиа харанхуйд ч зул болон гэрэлтүүлж байдаг юм. Тийм болохоор монголчууд “Сайн эм эрдээ зул, муу эм эрдээ бул” гэж хэлж, ярьж ирсэн бизээ . “Сонгосон сүйт бүсгүйгээр нь тэр эрэгтэй ямар хүн болохыг, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг эсэхийг хялбархан дүгнэж болно” гэсэн суутны үг ч бий. Өрх гэрийнхээ хоймрыг эзлэн налайж, намбайн суух эр хүн агуу. Гэхдээ сайн яваа эр хүн болгоны дэргэд нэгэн эмэгтэй хүн  байдаг нь жам.

Ямар ч цагт, ямар ч газар оронд “Бүсгүй хүний мөнхийн чанар нь шилдэг эрчүүдийг дээш нь өргөх хүч байсаар ирсэн”. Үүнийг үгүйсгэх хийгээд маргах шаардлага үгүй биз ээ. “Сайн эхнэр амьдралын аврал”. Чи бурханыг дуудаж, бурханд залбирч, тэнгэр бурханаас аврал, энэрэл, хайр нигүүсэл хүсдэггүй байлаа ч сайн ханьтай учруулсны төлөө тэнгэр бурханд өвдөг дээрээ сөхрөн наминчлан талархах хэрэгтэй. “Үеийн үед дэлхий дээр эрэгтэй хүн агуу их байсан ч гэсэн түүний агуу ихийн өчүүхэн бүхэн нь эмэгтэй хүнээс урган гарсан байдаг” гэж нэгэн агуу их яруу найрагч бичсэн байна. Эхнэрийн сайныг гэрт нь орж мэдэх гэж ярьдаг нь зүгээр нэг хоосон үг биш. Эхнэр хүн гэр орны өнгө зүс, нүүр царай. Гэрийн чимэг гэргий. Өрх гэр өөдлөх үү, уруудах уу гэдэг нь эцсийн бүлэгт эхнэр хүнээс л шалтгаална. Эр нөхрөө урагш нь хөтөлж явдаг эхнэр түүнд заяасан тэнгэрийн хишиг яах аргагүй мөн. Тийм эхнэрээрээ бахархаж, бардамнах ч багадана. Харин “Эр нөхрөө урагш нь хөтөлдөггүй эхнэр мэдээж, хойш чангаах болно”. Эр хүний хийморь сүлдийг доройтуулан, эр нөхрөө ямар нэг байдлаар хойш нь чангаах аваас тэр айлын сүр сүлд доройтон бүүдийж, өөдөлж өгсч явсан амьдрал ахуй сааран саарсаар уруугаа өнхрөх замд шулуудна. Ийм хөөрхийлөлтэй байдалд хүрчихгүй байх боломж хэзээд байдаг юм шүү. Энэ боломжийг ухаалгаар ашиглахгүй бол өдөр ирэх тусам итгэл найдвар, мөрөөдөл, хүсэл унтарсаар амьдралын мөнх ногоон мод чинь хугаран унахад хүрнэ. Хугараад унасан ургаа модыг буцаагаад нааж болдоггүй нь харамсалтай. Сайн яваа эр хүн болгон “Хэрвээ би энэ ханьтайгаа учраагүй бол одоо хаана юу хийж, ямар яваа бол” гэж үе үе тархи толгойдоо бодож, өөрөө өөрөөсөө асууж байдаг.

Хорвоо аливаа хүнд үмх жаргал амсуулж, үзүүргүй зовлон эдлүүлдэг жамтай болохоор бүгдийн амьдралд жаргал, зовлон хослон байдаг нь гарцаагүй. Хүн гэдэг ухаант амьтны толгойд жаргаж байсан үеэсээ зовж явсан цаг нь илүү тод бичигдэн үлддэг нь сонин. Тийм ч болохоор эгэл хүмүүс жаргалтай үеэ дурдан ярихаасаа зовлонгийн далайг туулснаа сөхөн ярих нь илүү. Их далайн хаанаас нь ч амссан адилхан шорвог гэдэг шиг зовлон бэрхшээл, баян ядуу, гэгээнтэн гэмтэн хэнд ч тохиолоо гэсэн гашуун шорвог. Гэтэлшгүй хүнд гэж төсөөлөгдсөн ч зовлон бэрхшээлийг туулан гарах боломж үргэлж нээлттэй. Гэр бүлийн амьдралд тохиож байгаа зовлон бэрхшээл бол хүнийг өвдөг дээр нь сөхрүүлэхийн тулд чөтгөр шуламын бодож олсон ов мэх биш. Бэрхшээл бол чамайг хөл дээр чинь баттай зогсоохын тулд бурханаас хайрлаж байгаа боломж гэж ойлго. Амьдралын замд тохиосон багахан муруй тахир зөрөг, бартаа саадыг тэвчээд туулаад өнгөрчих юм бол шулуун замдаа баараггүй ороод явчихна гэсэн найдвараа хэзээ ч бөхөөж унтрааж болохгүй. Тэсвэр тэвчээртэй байцгаа. Тэсвэр тэвчээр нь зовлон бэрхшээлийг гэтлэх дуусч, дундрашгүй эрчимт зай цэнэг төдийгүй амжилт, ололтын хүчит хөдөлгүүр юм. Эмэгтэйчүүд гайхамшигтай тэсвэр, тэвчээртэй хүмүүс. Тэдний зан чанар, заяамал араншингийнх нь жинхэн хүч чадал нь гэр бүлийн хамтын амьдралын хамгийн хэцүү хүнд үеүдэд илүү илрэн гарч ирж аврагч, хамгаалагч болон идэвхждэг билээ. Ухаант эхнэрүүдийн ур ухаан, тэсвэр хатуужлын ачаар л гэр бүлийн амьдралд тохиосон түмэн зовлон бэрхшээлийг гэтлэн давахаар үл барам цөхөрч туйлдсан амьдралаа балчиг намагт живүүлчихэлгүй аварч гарсан жишээ олонтаа. “Бүсгүй хүн бол эрчүүдийн агуу их хүмүүжүүлэгч мөн”. Үр хүүхэд, эр нөхрийнхөө зөвийг дэмжиж, бурууг засч, сайныг магтаж, саарыг шүүмжилж, нүднийхээ харцаар шилбүүрдэн ороолгож, гуних үедээ гуньж, туних цагтаа туньж, сайныг мөрөөдөн, сайханд тэмүүлсэн шилдэг хүмүүжүүлэгчид өрх гэрийн эзэгтэй нар яах аргагүй мөн. “Эрэгтэй хүн эдэлж буй аз жаргалдаа цэнгэдэг. Бүсгүй хүн авчирч буй аз жаргалдаа умбадаг” гэнэ. Бидний өр зүрхэнд бадамлаж буй жаахан ч атугай гэрэл гэгээ бүхэн эх хүн, эмэгтэй хүний ивээл хайрын тусгал мөн билээ.

Амьдрал өөрөө сайн, муугийн хольц, хайлш болохоор гэр орондоо санал зөрөх, ам муруйх аян шалтаг мундахгүй тохионо. Уур уцаар хайран биеийг зовоож, ханийн жаргалыг хугаслана. Уурыг уураар дарна гэж хэзээ ч үгүй. Уурыг ухаан, тэвчээр хоёр л уяраан зөөлрүүлж чадна. Хамтын амьдралын тааруухан дурсамжийг мартсан нь дээр. Мартаж чадахгүй бол ядаж сөхөж бүү ярь. Нэгэнт өнгөрсөн юмтай нэхэн зууралдах хэрэггүй. Өчигдөр хажуугаар чинь урсч байсан Туул голын ус одоо байхгүй, урсаад өнгөрсөн. Гэтэл чи өчигдөр хийгээд урьдын муу бодлоо өнөөдөр түүртэн үүрч, зовж явах хэрэггүй. Өнгөрсөн бүхнийг уучлан цагаатгаж, үүдээ нээн угтах сэтгэлийн тэнхээгээ хатамжил. Харин хамтын амьдралаа эхэлсэн, хар муу санаагүй, зүү орох зайгүй, цог золбоот, баяр баясгалант сайхан мөчөө үе үе сөхөн дурсаж бай. Нэр хүндтэй нэгэн генералын эхнэрийн ярьсан дурсамж та бүхэнд сургамжтай байж магад. Дэслэгч байхад нь ханилан суугаад үр хүүхдээ хөтлөн хайрцаг саваа баглан боож, цэргийн анги дамжин нүүсээр хатуу бэрхийг хамтдаа туулж, эр нөхрөө өөд нь өргөж, урагш нь хөтөлсөөр генерал болгосон эхнэр нь ханийхаа ааш араншин нь хувирч, уурлаж уцаарлах үед нь “Нөхөр генерал, дэслэгч түүнд хандаж болох уу” гэж эелдэгхэн илтгэж, хамтын амьдралаа эхэлсэн алтан үе рүүгээ сэтгэл зүрхийг нь чиглүүлэн зөөлрүүлдэг байж билээ гэсэн гайхалтай дурсамж бий.
“Бүсгүй хүний зөн совин аугаа их хүмүүсийн алсын хараатай дүйцдэг” юм. Ханьдаа урам магтаалын үгийг харамгүй хэлж бай. Чамаас урмын үг сонссон нөхрийн чинь сэтгэл зүрхэнд баяр бахархал цалгиж, урам зориг нь эрчлэн ариун үйлсийн мандан бадрал, хамгийн дээд аз жаргал дунд умбах мэт болно.

Ханийхаа гол гонсойж, дотор харлан нулимс унагах үгийг бүү хэл, үйлийг бүү үйлд. Хорвоод бүх юм тэгш заяадаггүй гэдэг үнэн юмдаа. Бүсгүй хүн сэтгэлийн зовлон шаналал, хөнгөн гуниг тээж явах мөч амьдралд тохиохыг алийг тэр гэх вэ. Тэр үед гадаад өнгөндөө үзэсгэлэн гоо, эелдэг зөөлөн бүсгүй хэвээр байж, сэтгэлийн зовлон шаналлаа хэнд ч харуулахгүйгээр омог бардам, толгой дээгүүр алх. Тийм үедээ ч биеэ хэрхэн авч явах урлагийн жинхэнэ амьд үлгэр жишээ болж яв. Энэ бүхэн эргэн тойрныхонд чинь сайхан гэхэд ч багадмаар зөөлөн уур амьсгалыг авчирна.
Ертөнц дээрх бүх дуу хоолойноос хамгийн уянгалаг нь хүүхдээ тэврэн суугаа эхийн ариун нандин хайр шингэсэн бүүвэйн дуу байдаг билээ. Ийм яруу тунгалаг, ялдам уянгалаг дуу хоолой айл өрх бүрт уянгалж, та бидний өрийг зөөллөж, сэтгэлийг ариусгаж байг. 

Бичсэн: Good luck | цаг: 20:03 | Medeeleluud
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax